Sunday, April 17, 2011

Хорин хоёр жилийн нислэг


Хорин хоёр жил даршилсан

Таримал, төрмөл, холын, ойрын

Тансагхан, тарчигхан бодол санаа минь

Танд бас чамд хэзээ ч бүү тээг болог


Дүүлэн нисэх эрч хүчинд

Атгаг хар үүл болоод бороо саад болох шиг

Архины мухлагаас далдын хүч дуудахад

Шархдсан далавчаа тасдаад хүн болж алхана


Газарт шүтсээр яг тэндээ л нойрсох хүмүүс

Тэнгэрийн шувуудыг тэнгэрт нь бунхалж чаддаггүй

Тэнгэрлиг агсамнал- миний жигүүр хаа байна

Ганганан одох шувуудын цуваа- энэ бурханы захиа


Цав цагаан, тийм ариун, танихгүй охин шувуу

Цантсан цонхыг минь мөргөж үхсэнийг хараад

Эхнэртэй гэдгээ сая мэдрээд, эцэг болох гэж

Эр хүн болох гэж хорин хоёр жил мөрөөдөв


Захидлын хариу- миний жигүүр ургасан

Зэрэгцээ хоёр нүдэнд дурласан

Шувуу, шувууны хэлийг ойлгохоо байгаад

Шууданчийн замыг тосох хүсэлгүй болсон


Хэзээ ч юм, хамаг олныг уймруулж

Тэх шиг өндрөөс хальсаныг минь,тагтан дээрээс ниссэнийг минь

Тэмдэглэлт өдөр болгон тогтоож авсан бол

Хачин тавилант гэж бичээд булшны минь чулууг чимэглээрэй .\2009.10.29\

No comments:

Post a Comment