Wednesday, December 14, 2011

Өнгө

Хараар муухай нүдээ будсан
Бүсгүйн ширтэлт
Бор хоногийн гашуунд
Хорсоод- нүдээ анивал тайвширна

Хөх – хуурамч тэнгэрийг
Зураад, зургандаа дурлаад
Ногоон – тархитай согтуу нөхрөө
Зорьж ирэхийг нь хэзээ ч хүлээхгүй

Улаан – баатарын гудамжаар
Уусан шилийг нь түүж, тамхи аваад
Утаа баагиулан татаж дуусахад
Улбар шар- нар үүрд жаргасан байна.

Цагаахан- сэтгэл моодноос гарахад
Ядуу ухаантанд гишгэх газар нь үгүйлэгдээд
 Цэнхэр- энэ дэлхийгээс Монголоо үзэн ядсанаас
Яг одооноос сүнсгүй нэгэн болж алхана

Саарал- чоно тэнгэрийн зүүдэнд улихад
Эр хүн уйлж байгаа юм шиг санагдаад
Тас хар- авс руу биегүй сүнс аль хэдийн шургалахад
Эмэгтэйн зурсан зураг ямар ч өнгөгүй, шал утгагүй
/2009.01.23/ 

Monday, December 12, 2011

Гуниг-миний эхлэл


Ертөнц- нар, сар бас сүнсийг шүтнэм
Ердөө харин би ганцаар гунигийг хүснэм

Хөгшин нарны тамлал мэт ээлт
Би мөнх шөнийн гүнд л амар амгалан
Гунигтай жаргадаг шигээ гунигтай мандтугай
Харин би тэр мөчид сар амрагийн шүлэг тэрлэнэ.

Сар сохор лугаа хийгээд мөн үнэний хэлтэрхий
Гунигтай тачаадаад шөнөд намайг сэрээлээ
Гурван шөнө олон янз сар чамайг харсангүй
Сохор гэдэг нь худал, ийм бөгөөс сүнслэг хувьтай

Сүнс моддын гүнээс урган гарч
Сар нарыг аргадан гуйлга гуйн сүүтийхүй
Бас тэдний сүнстэй гуниг хүүрнэхийг хүснэм
Бүүр эсвэл эхлэл агаад төгсгөлийн үнэн болон орших

Ертөнц- нар, сар бас сүнсийг шүтнэм
Ердөө харин би ганцаар гунигийг хүснэм

Гунигладаггүйсэн бол надад бодох ухаан үгүй
Гунигладаггүйсэн бол надад хайрлах сэтгэл алга
Гуниглахдаа би бусдын зовлон, ирэх зовлонг өрсөж шүүнэм
Гуниг минь харин солгой гартны үгэн хэлхээ болон тайтгарнам.

Гуниг чи агуу юм аа.

/2007.05.08/

Sunday, November 20, 2011

Өвөл цас будрах нь
Үзэмж төгс охины царай мэт
Үмхлэн авч мэдрэхүй цэвдэг агаад амт үгүй
Өнгө хуурамч ажээ

Thursday, May 26, 2011

Ганц шар навч,,,

Ганц шар навч амьсгал хураахдаа шивнэхүй
Гуниг чиний ухаарлын эхлэл гэж
Гарцаагүй ээ, надад гомдсон нэгний сэтгэл шиг юм.

Saturday, May 14, 2011

Чинийхээ нүднээс...



Чинийхээ нүднээс

Нулимс олж харлаа

Нулимсан дунд

Ганц загасчин бий

Далай шиг их нулимс

Загасчин хэнэггүй нь аргагүй шүүрдсээр л

Загасчны торонд

Нэгэн гэгээн гуниг оржээ

Гуниг өгүүлрүүн

Би бол чи юм хэмээн

Загасчин боджээ

Загас болж төрөх минь яалаа гэж…

\ 2009.07.25 \

Tuesday, May 3, 2011

,,,







Чармай нүцгэн тэнгэр ээ
Хувцасаа өмсөөч
Би бүүр даарчихлаа

Sunday, May 1, 2011

Багш бид хоёр

Оюутан ахуй цагаа эргээд бодоход энэ хүнтэй учирсан минь, энэ эрхэм хүний шавь хэмээгдэн явсан минь л хамгаас үнэтэй, сайхан дурсамж юм даа.

 Тэр л үедээ би дахин мэндэлсэн билээ. Түүний үг жинхэнэ яруу найрагчийн үг, түүний сэтгэл жинхэнэ яруу найрагчийн сэтгэл...

  
 Буман хүний амьсгалыг сорох гэж ангайсан

 Бууны аман дээр     

Алтан хараацай үүрээ засна

Аяа энэ ИРЭЭДҮЙ ЦАГ

                          /Ломбын Нямаа/


Monday, April 18, 2011

Өөрийнхөө тархинд хийсэн мэс ажилбар


Шинжлэх ухаанчидын үздэг шиг
Эрүүл биеэ зүсэж зовоосонгүй
Тархинд буглах солиорлынхоо нянг
Эмчлэх-гүн ухаанч арга оллоо

Мөнх биш амьдралын тухай
Гашуун эм уух бүрдээ бодох нь сэтгэлгээ биш гэж үү
Гүн ухаанчидын хэл ороолцдсон онол
Монгол тархинд минь эс нөлөөлөх нь юу билээ

Нэг.
2008.11.05 ны өдөр
Өглөөний цайн дээр
Өрөөнд байгаа жижиг жоомыг олж хараагүй ч
1988.07.25ны өдрийн мэдрэмж надад туслав

Хэзээ нэгэн өдөр
Хиймэл оюун санааны нээлт хийвэл
Тийм жижиг биет болохгүй юм шүү гэж
Тархины бичлэгийн үзүүлэлт сануулаад байх шиг

Хоёр.
Би хэзээ үхэх вэ
Энэ л намайг зовоогоод байгаа байх
Бурхан болсон нэгний зургийг ширтэж суухдаа
Түүнд баяр хүргэж,мэнд дамжуулдаг мөртлөө л

Өчигдөрхөн Хятадад цаазлуулсан эрийн нүд
Миний бодолтой ямар адилхан өнгөтэй юм бэ
Зурагтаар гарах мэдээ хүртэл
Өстөн дайсан мэт санагдах үе ирж

Гурав.
Өшөө гоё мэдрэмж, өөр тансаг үг
Найз бүсгүйчүүдийн минь өдрийн тэмдэглэл шиг юм.
Онол болоод хуулиас ангид сэтгэл минь
Нэг л өдөр эндээс явна

Энд сэтгэхүйн шорон байдаг
Гэж хэлсэн шүлэгчийн сүнс
Уух дарсанд минь хор болж шингээд
Ганцаардлаас минь аль болох түргэн гэтэлгээсэй
Дөрөв.
Нарны мөхлийн шүлэг бичсэн гэж
Гэрэл намайг цэвдгээр шагнав гэж зүүдлээд
Сарыг шөнөжин магтаж үүр цайлгахад
Гадаа цас оржээ

Хэн нэгэнд шүлэгч гэж хэлэгдэхийн тулд
Би нойроо хагасалж,ходоодоо өлсгөж хонодоггүй
Харин хүмүүсийн хандлага л зэвүүн санагдаад
Бурхадын ор хөнжилөөс бусдыг нь дэлгэхийг хүсдэг

Тав.
Шарилын цуваа үргэлжилээд л баймаар
Тийм нэг-ертөнцийн хамгийн тунгалаг өдөр
Тамхины гашуун утаа шиг мэдрэмж
Хүмүүст төрөхийг би хармаар санагддаг

Аав,ээж,ах,дүү бүх хайртууд минь
Хорвоог орхихдоо над шиг амгалан байгаасай
Амьдралыг тэд үзвэрийн кино гэж ойлгоосой
Хэн ч байхгүй-одоо л нэг сэтгэл амарлаа

Гажирхаж,чамирхаагүй сэтгэлгээний цар хүрээ
Усанд хөвөх навчисийн гүн бодол шиг
Гинжилэгдэн,тарчилагдах эртний боолын шарх шиг
Эгэл хэрнээ зүхэж хараамаар ил тод

Сэтгэлд...юу ч байхгүй нэг л тайван
Сарны болзоог хүлээдгээрээ хүлээж
Сайхан хүүхний тухай боддогоороо бодож
Сэрэл хөдөлгөх утгат шүлгийг тэрлэдэгээрээ тэрлэнэ.\2008.11.05\

Sunday, April 17, 2011

Хорин хоёр жилийн нислэг


Хорин хоёр жил даршилсан

Таримал, төрмөл, холын, ойрын

Тансагхан, тарчигхан бодол санаа минь

Танд бас чамд хэзээ ч бүү тээг болог


Дүүлэн нисэх эрч хүчинд

Атгаг хар үүл болоод бороо саад болох шиг

Архины мухлагаас далдын хүч дуудахад

Шархдсан далавчаа тасдаад хүн болж алхана


Газарт шүтсээр яг тэндээ л нойрсох хүмүүс

Тэнгэрийн шувуудыг тэнгэрт нь бунхалж чаддаггүй

Тэнгэрлиг агсамнал- миний жигүүр хаа байна

Ганганан одох шувуудын цуваа- энэ бурханы захиа


Цав цагаан, тийм ариун, танихгүй охин шувуу

Цантсан цонхыг минь мөргөж үхсэнийг хараад

Эхнэртэй гэдгээ сая мэдрээд, эцэг болох гэж

Эр хүн болох гэж хорин хоёр жил мөрөөдөв


Захидлын хариу- миний жигүүр ургасан

Зэрэгцээ хоёр нүдэнд дурласан

Шувуу, шувууны хэлийг ойлгохоо байгаад

Шууданчийн замыг тосох хүсэлгүй болсон


Хэзээ ч юм, хамаг олныг уймруулж

Тэх шиг өндрөөс хальсаныг минь,тагтан дээрээс ниссэнийг минь

Тэмдэглэлт өдөр болгон тогтоож авсан бол

Хачин тавилант гэж бичээд булшны минь чулууг чимэглээрэй .\2009.10.29\